◀ Gege Pixel
The English text, which decides
Gege Pixel фонтын лицензийн гэрээ
Хувилбар 1.0, 2026 оны 10 дугаар сарын 10-наас хүчинтэй.
Энэ бол орчуулга. Тав тухыг бодож англи эхийн хамт өгөв. Хоёр эх зөрвөл англи эх нь давамгайлна.
Энэ гэрээг L'Atelier Gege ХХК ("Гэгээ") болон төлбөрийн баримтад нэр нь бичигдсэн хүн, эсвэл байгууллага ("та") хооронд байгуулав. Фонтын төлбөрийг төлсөн, татсан, эсвэл суулгаснаар та гэрээг зөвшөөрсөнд тооцно.
Нэг өгүүлбэрээр: аливаа хэрэглээнд төлбөртэй лиценз хэрэгтэй; аль лиценз болох нь тухайн ажил мөнгө олох, эсвэл бизнес, байгууллагыг сурталчлах эсэхээс, мөн ажлыг хэний төлөө хийж буй бизнесийн хэмжээнээс хамаарна.
1. Нэр томьёо
- Фонт: таны төлбөрийн баримтад нэрлэсэн фонтын файлууд (Gege Pixel, Gege Pixel Mini, эсвэл хоёулаа), нийлүүлсэн бүх форматаараа, мөн Гэгээгээс танд илгээсэн шинэчлэл бүр.
- Арилжааны хэрэглээ: мөнгө олдог, эсвэл бизнес, байгууллага, төрийн байгууллага, бүтээгдэхүүнийг сурталчилдаг буюу түүний төлөө хийгдсэн аливаа хэрэглээ. Захиалагчийн төлбөртэй ажил бол арилжааны хэрэглээ. Компанийн нийтлэл, зар сурталчилгаа, сав баглаа боодол, лого, худалдах бараа, төлбөртэй тоглоом, апп, мөнгө олдог суваг, шууд дамжуулалт мөн адил.
- Хувийн хэрэглээ: арилжааны бус аливаа хэрэглээ.
- Хүн: бизнес, байгууллагад ажилладаг бүх хүн: ажилтан болон байнгын гэрээт гүйцэтгэгч. Хуулийн этгээд болон түүний хяналтад байдаг этгээдүүдийг бүхэлд нь тоолно.
- Бэлэн бүтээл: фонтыг дотроос нь салгаж аваад фонт болгон дахин ашиглах боломжгүй үр дүн. Тухайлбал зураг, хэвлэмэл, видео, эсвэл зөвхөн үзэх, хэвлэх зорилгоор фонт шигтгэсэн баримт.
- Захиалагч: таны ажил хийж өгч буй хэн боловч.
2. Лицензүүд
Таны төлбөрийн баримтад эдгээрийн нэгийг нэрлэнэ. Лиценз бүрийг зөвхөн танд олгоно. Лиценз онцгой бус, хугацаагүй бөгөөд дэлхий даяар хүчинтэй.
Хувийн лиценз
- Нэг хүнд, тухайн хүний ашигладаг аль ч төхөөрөмж дээр.
- Зөвхөн хувийн хэрэглээ. Арилжааны ямар ч хэрэглээг зөвшөөрөхгүй.
Жижиг багийн лиценз
- Нэг хүнд, эсвэл 20 хүртэл хүнтэй нэг бизнест, тэдгээр бүх хүнд.
- Өөрийн ажилд арилжааны зорилгоор ашиглах.
- 20 хүртэл хүнтэй захиалагчид зориулсан бэлэн бүтээлд арилжааны зорилгоор ашиглах.
- Өөрийн эзэмшлийн вэбсайт, апп, тоглоомд 4 дүгээр хэсэгт заасны дагуу ашиглах.
Байгууллагын лиценз
- Ямар ч хэмжээний нэг хуулийн этгээдэд, түүний бүх хүнд.
- Өөрийн ажилд, мөн өөрийн эзэмшлийн вэбсайт, апп, тоглоомд 4 дүгээр хэсэгт заасны дагуу арилжааны зорилгоор ашиглах.
- Тухайн этгээдэд ажил гүйцэтгэж буй дизайнер, агентлаг, гэрээт гүйцэтгэгч нь фонтыг энэ лицензийн хүрээнд зөвхөн тухайн этгээдийн ажилд ашиглаж болох бөгөөд ажил дуусмагц устгана.
3. Захиалагчид зориулсан ажил
- 20-оос олон хүнтэй захиалагчид зориулсан ажилд, ажлыг хэн ч хийсэн, захиалагчийн нэр дээрх Байгууллагын лиценз шаардлагатай. Та үүнийг захиалагчийн өмнөөс худалдан авч болно.
- Захиалагч зөвхөн бэлэн бүтээл хүлээн авна. Фонтыг өөрийг нь авах, эсвэл өөрийн вэбсайт, апп, тоглоомд ашиглах захиалагчид өөрийн лиценз хэрэгтэй.
- Лиценз нь нэрлэсэн бизнестээ хамаарна. Тухайн бизнесийн захиалагч, толгой компани, охин компани, түншид шилжихгүй.
4. Лицензээр зөвшөөрөх зүйл
Лицензийнхээ хүрээнд та дараах зүйлийг хийж болно:
- фонтыг суулгаж, аль ч программд бичвэр өрөх;
- лого, тэмдэг зэрэг бэлэн бүтээл хийж, тэр бүтээлийнхээ эрхийг эзэмших;
- үзэх, хэвлэх зорилгоор баримтад фонтыг шигтгэх;
- өөрийн эзэмшлийн вэбсайтын хуудсуудад фонтыг өөрийн хостингоос WOFF2 хэлбэрээр дамжуулах;
- өөрийн эзэмшлийн апп, тоглоомд фонтыг оруулах, ингэхдээ хэрэглэгчид фонтын файлыг тэр хэвээр нь өгөхгүйгээр багцлах;
- нэг нөөц хуулбар хадгалах.
5. Ямар ч лицензээр зөвшөөрөхгүй зүйл
Та дараах зүйлийг хийж болохгүй:
- фонтыг бусдад өгөх, зээлдүүлэх, дахин худалдах, түрээслэх, нийтлэх, байршуулах, эсвэл бусад хүн татаж авч болох газар үлдээх: нийтийн репозитор, хуваалцсан диск үүнд орно;
- Гэгээгийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр фонтыг дэд лицензээр олгох, лицензээ шилжүүлэх;
- фонтыг өөрчлөх, хөрвүүлэх, нэрийг нь солих, өргөтгөх, эсвэл фонтоос буюу үсгийн дүрсээс нь өөр фонт хийх: файлыг засах, дагуулж зурах, пикселийг хуулах аль нь ч хамаарна;
- хэрэглэгч нь өөрийн бичвэрийг энэ фонтоор өрдөг бүтээгдэхүүн, үйлчилгээнд фонтыг ашиглах: дизайны хэрэгсэл, загвар, наалт болон карт хийгч, захиалгаар хэвлэх үйлчилгээ зэрэг;
- үсгийн дүрсийг өөрийг нь худалдах: цагаан толгой, тамганы багц, бэлэн зургийн багц зэрэг хэлбэрээр;
- фонт, үсгийн дүрс үүсгэдэг программыг сургах, тохируулахад фонтыг буюу үсгийн дүрсийг ашиглах;
- файл дахь зохиогчийн эрхийн мэдэгдэл, лицензийн бичвэр, аливаа таних тэмдгийг арилгах, өөрчлөх.
Энэ жагсаалтад байгаа аливаа зүйлд Гэгээгээс тусдаа бичгэн лиценз хүснэ үү.
6. Таних тэмдэг
Фонтын хуулбар нь лиценз эзэмшигчийн нэр, лицензийн дугаарыг агуулж болно. Таны нэр, дугаартай хуулбар тараагдсан нь илэрвэл Гэгээ үүнийг та энэ гэрээг зөрчсөн гэж үзэж болно.
7. Өмчлөл
Фонтыг худалдаагүй, лицензээр олгосон болно. Фонт, түүний загвар, нэртэй холбоотой бүх эрх Гэгээд хэвээр үлдэнэ. Энэ гэрээ танд Гэгээгийн нэр, тэмдгийг ашиглах эрх олгохгүй.
Фонтыг бүтээхэд ашигласан программ хангамжийн гуравдагч этгээдийн мэдэгдлүүд фонттой хамт ирэх NOTICE файлд бий.
8. Шинэчлэл ба буцаан олголт
Гэгээ таны лицензтэй фонтын засвар, шинэчлэлийг илгээж болох боловч илгээх үүрэг хүлээхгүй. Фонтыг шууд хүлээлгэн өгдөг, буцаах боломжгүй тул төлбөрийг зөвхөн файл гэмтэлтэй бөгөөд Гэгээ үүнийг засаж чадаагүй, эсвэл хуульд заасан тохиолдолд буцаан олгоно.
9. Дуусгавар болох
Та энэ гэрээг зөрчөөд, мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор засаагүй бол таны лиценз даруй дуусгавар болно. Лиценз дуусгавар болмогц та фонтыг ашиглахаа зогсоож, бүх хуулбарыг устгана. Өмнө нь нийтэлсэн бэлэн бүтээл нийтлэгдсэн хэвээр үлдэж болно. 5, 7, 10, 11 дүгээр хэсэг үргэлжлэн үйлчилнэ.
10. Баталгаа өгөхгүй, хариуцлагын хязгаар
Фонтыг байгаа байдлаар нь нийлүүлнэ. Фонт тодорхой зорилгод тохирно, эсвэл аль нэг программд зөв хэлбэржиж, зөв байрлана гэж Гэгээ амлахгүй. Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд Гэгээгийн энэ гэрээний дагуу хүлээх хариуцлага нь таны лицензэд төлсөн дүнгээр хязгаарлагдах бөгөөд Гэгээ шууд бус болон үр дагаврын хохирлыг хариуцахгүй.
11. Хууль
Энэ гэрээг Монгол Улсын хуулиар зохицуулах бөгөөд аливаа маргааныг Улаанбаатар хотын шүүх шийдвэрлэнэ. Гэрээний аль нэг хэсгийг хэрэгжүүлэх боломжгүй бол бусад хэсэг нь хүчинтэй хэвээр үлдэнэ.
Гэрээг англи хэлээр бичсэн. Монгол орчуулгыг тав тухыг бодож хамт өгсөн; хоёр эх зөрвөл англи эх давамгайлна.
12. Холбоо барих
L'Atelier Gege ХХК, Улаанбаатар, Монгол Улс. info@gege.mn